АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДОТООД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Энэхүү нийтлэг журмын зорилго
нь аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд дотоод хяналт шалгалтыг зохион
байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Төрийн хяналт шалгалтад
хамрагдах өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага (цаашид "аж
ахуйн нэгж, байгууллага" гэх) энэхүү нийтлэг журмыг дагаж мөрдөнө.
1.3. Аж ахуйн нэгж, байгууллага нь
энэхүү нийтлэг журамд нийцүүлэн, өөрийн үйл ажиллагааны онцлогт тохирсон
"Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам"-тай байна.
1.4. Төрийн болон орон нутгийн
өмчийн аж ахуйн нэгж, байгууллагын "Дотоод хяналт шалгалтыг зохион
байгуулах журам"-ыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7.2, 8.2.1-д
заасны дагуу дараахь эрх бүхий этгээд батална:
1.4.1. хуульд өөрөөр заагаагүй бол яам, эрхлэх ажлын хүрээнд нь үйл ажиллагаа
явуулж байгаа агентлаг, харьяа бусад байгууллага, аж ахуйн нэгжид мөрдөх
"Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам"-ыг Монгол Улсын
сайд;
1.4.2. өөрийн болон доод шатны Засаг даргын ажлын алба, харьяа байгууллага, аж
ахуйн нэгжид мөрдөх "Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах
журам"-ыг аймаг, нийслэлийн Засаг дарга.
1.5. Энэхүү журмын 1.4-т зааснаас
бусад тохиолдолд "Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам"-ыг
тухайн байгууллага, аж ахуйн нэгж өөрөө баталж мөрдөнө.
1.6. Аж ахуйн нэгж, байгууллага нь
дотоод хяналт шалгалтыг зохион байгуулахдаа энэхүү нийтлэг журам болон Монгол
Улсын хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, эрх бүхий бусад
байгууллага, албан тушаалтнаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг
удирдлага болгоно.
1.7. Хуульд өөрөөр заагаагүй бол аж
ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод аудит, хяналт-шинжилгээ,
үнэлгээ (мониторинг) хийхэд энэхүү нийтлэг журам хамаарахгүй.
Хоёр. Дотоод хяналт шалгалтын зарчим, зорилго, хамрах
хүрээ
2.1. Дотоод хяналт шалгалт нь
хууль дээдлэх, хараат бус, ил тод, шударга, бодитой, хөндлөнгийн аливаа
нөлөөллөөс ангид байх зарчимд тулгуурлана.
2.2. Дотоод хяналт шалгалтын зорилго
нь аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэсэн болон борлуулж
байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ нь хууль тогтоомж,
Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, эрх бүхий бусад байгууллага, албан
тушаалтны болон өөрийн гаргасан шийдвэрт нийцэж байгаа эсэхэд аж ахуйн нэгж,
байгууллагын хэмжээнд хяналт тавьж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, гэм
буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхэд чиглэнэ.
2.3. Дотоод хяналт шалгалтыг зохих
удирдамж, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, аж ахуйн нэгж, байгууллагын үйл
ажиллагааг бүрэн хамарсан байвал зохино.
Гурав. Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах
нэгж, ажилтан,
түүний эрх үүрэг
3.1. Энэхүү журмын 1.3-т
заасан "Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам"-д өөрөөр
заагаагүй бол дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах үүргийг тухайн аж ахуйн
нэгж, байгууллагын захиргааны асуудал хариуцсан нэгж, ажилтан (цаашид
"дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтан" гэх) гүйцэтгэнэ.
3.2.Дотоод хяналт шалгалтын
нэгж, ажилтан нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад шууд захирагдах
бөгөөд зохион байгуулалтын хувьд бусад бүтэц, нэгжээс хараат бус байна.
3.3. Дотоод хяналт шалгалтын
ажилтан нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын эрхэлж байгаа үйл ажиллагааны
чиглэлээр боловсрол, мэргэжил эзэмшиж мэргэшсэн, ажлын дадлага туршлагатай
байна.
3.4. Дотоод хяналт шалгалтын
нэгж, ажилтан нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны онцлог,
үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл, хэмжээ, зохион байгуулалтын бүтэц,
харьяалагдах нэгж, объектын тоог харгалзан тухайн жилд хийх хяналт шалгалтын
ажлын тусгайлсан төлөвлөгөөг боловсруулан эрх бүхий албан тушаалтнаар батлуулан
мөрдөж ажиллана.
3.5. Дотоод хяналт шалгалтын
нэгж, ажилтан нь хяналт шалгалтын ажлын дүн, авсан арга хэмжээний талаар
улиралд нэгээс доошгүй удаа тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагын
хурлаар хэлэлцүүлж, шаардлагатай бол шийдвэр гаргуулан хамт олонд
мэдээлнэ.
3.6. Дотоод хяналт шалгалтын
нэгж, ажилтан нь эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу дотоод
хяналт шалгалтыг гүйцэтгэнэ.
3.7. Дотоод хяналт шалгалтын нэгж,
ажилтан нь дараахь нийтлэг эрх, үүрэгтэй байна:
3.7.1. зохих удирдамж, төлөвлөгөөний дагуу дотоод хяналт шалгалтыг гүйцэтгэж,
дүнг тайлагнах;
3.7.2. хяналт шалгалт явуулахдаа аж ахуйн нэгж, байгууллагын салбар, нэгжийн
удирдлагатай шууд харилцаж, тэдгээрээс шаардлагатай мэдээ, судалгаа гаргуулах,
холбогдох ажилтны ажлыг шалгаж танилцах, илэрсэн зөрчил, дутагдлын талаар
тайлбар гаргуулах;
3.7.3. илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан нөхцөлийг тодруулан зөрчлийг
арилгуулах, дахин гаргуулахгүй байх талаар арга хэмжээ авах;
3.7.4. шаардлагатай бол илэрсэн зөрчил, дутагдлын шалтгаан нөхцөлийг арилгах
асуудлаар болон зөрчил гаргасан этгээдэд хариуцлага ногдуулах талаар
байгууллагын удирдлагад санал тавьж шийдвэрлүүлэх;
3.7.5. хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, нийтээр
дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг өөрийн байгууллагад
сурталчлах, хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгуулах;
3.7.6. хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх
талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх;
3.7.7. холбогдох дүрэм, журам, байгууллагын стандартыг боловсронгуй болгох
талаар судалгаа, дүгнэлт гаргах;
3.7.8. дотоод хяналт шалгалтын үр нөлөө болон мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх
зорилгоор хөндлөнгийн хяналтын байгууллагаас мэргэжил арга зүйн зөвлөгөө авах,
зөрчлийг нь арилгаж чадахгүй асуудлыг хууль хяналтын эрх бүхий байгууллагад
тавьж шийдвэрлүүлэх, хамтран ажиллах талаар санал боловсруулан удирдлагад
танилцуулах;
3.7.9. байгууллагын үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэл, холбогдох хууль
тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилт болон зөрчлийн талаархи мэдээллээр
удирдлагыг хангах;
3.7.10. хийсэн хяналт шалгалтын талаар бүртгэл хөтөлж, мэдээллийн сан
бүрдүүлэх;
3.7.11. дотоод хяналт шалгалтаар хүний амь нас, эрүүл мэнд, нийгэм болон
хүрээлэн байгаа орчны аюулгүй байдалд шууд буюу шууд бусаар ноцтой аюул, хор
хохирол учруулж болохуйц нөхцөл байдал үүссэн нь тогтоогдвол түүнийг арилгах
арга хэмжээг нэн даруй авч, эрх бүхий байгууллагад мэдэгдэх.
3.8. Энэ журмын 3.7-д зааснаас бусад
эрх, үүргийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын "Дотоод хяналт шалгалтыг
зохион байгуулах журам"-д тусгана.
3.9. Энэхүү журмын 3.7-д заасан эрх,
үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтанд
аливаа дарамт, шахалт үзүүлэх, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөхийг
хориглоно.
Дөрөв. Дотоод хяналт шалгалтын үйл ажиллагаа
4.1. Дотоод хяналт шалгалтыг дараахь
чиглэлээр зохион байгуулна:
4.1.1. хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, нийтээр
дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актын хэрэгжилт болон тухайн аж
ахуйн нэгж, байгууллагын хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтэд тавих хяналт
шалгалт;
4.1.2. аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх
нөлөөлөлд хийх хяналт шалгалт;
4.1.3. үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, ажил,
үйлчилгээний чанарт тавих хяналт шалгалт;
4.1.4. хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага,
хөдөлмөрийн дотоод журмын биелэлтэд тавих хяналт шалгалт;
4.1.5. өмчийн бүртгэл тооцоо, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, санхүү
бүртгэлийн үйл ажиллагаанд тавих хяналт шалгалт;
4.1.6. тухайн аж ахуйн нэгж,
байгууллагын "Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам"-д
тухайлан заасан бусад хяналт шалгалт.
4.2. Энэхүү журмын 4.1-д заасан чиглэлээр дотоод хяналт шалгалтыг зохион
байгуулах хэлбэрийг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын "Дотоод
хяналт шалгалтыг зохион байгуулах журам"-аар зохицуулна.
Тав. Хариуцлага
5.1.Дотоод хяналт шалгалтаар
илэрсэн зөрчил, дутагдлын дагуу буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомж,
тухайн аж ахуйн нэгж, байгууллагын дотоод журамд заасан хариуцлагыг ногдуулна.
5.2.Дотоод хяналт шалгалтаар
илэрсэн зөрчил, дутагдал нь гэмт хэргийн шинжтэй бол асуудлыг хуулийн
байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
---оОо---
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
НИЙТЛЭГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (ААНБ-ын дотоод хяналт
шалгалт)
2011 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар
хот
Дугаар 311
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн
6.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл
ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг хавсралт
ёсоор баталсугай.
2. Төрийн хяналт шалгалтын тухай
хуулийн 7.2, 8.2.1-д заасны дагуу харьяа байгууллага, аж ахуйн нэгж, өөрийн
аппаратад дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг батлан мөрдүүлэхийг
Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Аж ахуйн нэгж, байгууллагын дотоод
хяналт шалгалт хариуцсан ажилтнуудыг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо
болон холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран нэгдсэн сургалтад хамруулах ажлыг
зохион байгуулахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Р.Содхүү)-т, сургалтыг
зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг Монгол Улсын Шадар сайдын төсвийн
багцад тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтод тус тус даалгасугай.
4.Энэхүү тогтоол гарсантай
холбогдуулан “Нийтлэг журам батлах тухай” Засгийн газрын 1995 оны 12 дугаар
сарын 6-ны өдрийн 228 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд
С.БАТБОЛД
Монгол Улсын Шадар
сайд
М.ЭНХБОЛД
----оОо---
No comments:
Post a Comment