НИЙТЛЭГ ШААРДЛАГА



"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  Монгол улсын хуулийн ХОЁРДУГААР БҮЛЭГ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн
шаардлага, стандарт

6 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт
6.1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг  хууль тогтоомжоор тогтоох бөгөөд хөдөлмөрлөх үйл ажиллагааны явцад хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн, нэгдмэл байна.   
6.2. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн  стандартын асуудал эрхэлсэн байгууллага холбогдох хуулийн дагуу батална.                     
7 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн барилга байгууламжид тавих шаардлага
7.1. Үйлдвэрлэлийн барилга байгууламжийг барьж байгуулах, өргөтгөх, шинэчлэх, машин техник, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах, туршилт, засвар хийх үйлчилгээ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна.
7.2. Энэ хуулийн 7.1-д заасан үйл ажиллагааг явуулахдаа холбогдох мэргэжлийн  байгууллагын  дүгнэлт гаргуулсан байна. /Энэ хэсгийг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
8 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн барилга байгууламжийг хамтран эзэмших, ашиглахад тавих шаардлага
8.1. Үйлдвэрлэлийн барилга байгууламжийг хоёр буюу түүнээс дээш ажил олгогч хамтран эзэмших, эсхүл ашиглаж байгаа бол эзэмшигч, ашиглагч дараахь шаардлагыг хангах үүрэгтэй:
8.1.1. эзэмшигч, ашиглагч нь үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах талаар журам тогтоон мөрдөж ажиллах; 
8.1.2. үйлдвэрлэлийн явцад химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодисыг хэрэглэж буй эзэмшигч, ашиглагч нь энэ тухай харилцан бие биедээ мэдээлж,  аюулгүй байдлыг хангах нэгдсэн арга хэмжээ авах;
8.1.3. энэ хуулийн 8.1.2-т заасны дагуу мэдээлээгүйн улмаас учирсан хохирлыг буруутай тал нь хариуцах.
8.2. Энэ хуулийн 8.1.1-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд үйлдвэрлэлийн барилга байгууламжийг  хамтран эзэмшихийг хориглоно.
9 дүгээр зүйл. Машин механизм, тоног төхөөрөмжид тавих шаардлага
9.1. Үйлдвэрлэлийн зориулалттай, хүний эрүүл мэндэд аюул учруулж болох машин механизм, тоног төхөөрөмжийн талаар ажил олгогч нь дараахь шаардлагыг хангасан байна:
9.1.1. машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг (ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл) нь аюулгүй ажиллагааны шаардлагыг  хангасан байх;
9.1.2. машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх;
9.1.3. машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх;
9.1.4. машин механизм, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасан хугацаанд тогтмол хийж байх.
9.2. Машин механизм, тоног төхөөрөмжийг бусдад шилжүүлэхдээ ашиглалтын паспорт, гэрчилгээний хамт шилжүүлнэ.
9.3. Цахилгааны тоног төхөөрөмж нь удирдлага, дохиолол, хаалт, хамгаалалттай, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх хэрэгслээр тоноглогдсон байна.
9.4. Цахилгааны тоног төхөөрөмж нь зураг төслийн дагуу угсрагдсан, газардуулга, газардуулгын даацын баталгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, цахилгаан ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагыг хангасан байна.
9.5. Энэ хуулийн 9.1-9.4-т заасан шаардлагыг хангаагүй машин механизм, тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглоно.
10 дугаар зүйл.  Өргөх, зөөх, тээвэрлэх механизмд тавих шаардлага
10.1. Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг  хангасан байна.
10.2. Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд  мэргэжлийн байгууллагаар техникийн магадлагаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авсан байна.
10.3. Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд засвар, үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасан болон эрх бүхий байгууллагын баталсан хугацаанд туршилт, тохируулга, баталгаажуулалтыг хийлгэсэн байна.
10.4. Энэ хуулийн 10.1, 10.2, 10.3-т заасан шаардлага хангагдсан байх нөхцөлийг ажил олгогч хангасан байна.
11 дүгээр зүйл. Даралтат сав, шугам хоолойд тавигдах шаардлага
11.1. Даралтат сав, шугам хоолой нь дараахь шаардлагыг хангасан байна:
11.1.1. даралтат сав, шугам хоолойд зохих журмын дагуу туршилт, тохируулга, баталгаажуулалт хийлгэж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ашиглах  зөвшөөрөл  авсан байх;
11.1.2. даралтат сав, шугам хоолойг аюулгүй ашиглах, удаан хугацаагаар зогсоох болон хадгалах үеийн ашиглалтын журамтай  байх;
11.1.3. даралтат сав, шугам хоолойг зориулалтын ялгагдах таних тэмдэг, ослоос урьдчилан сэргийлэх дохиоллын болон хамгаалалтын хэрэгслээр тоноглосон байх.
12 дугаар зүйл. Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодистой харьцахад тавих шаардлага
12.1. Ажил олгогч нь химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодис, түүний нөлөөллөөс ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
12.2. Ажил олгогч нь үйлдвэрлэлийн явцад хэрэглэж байгаа химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодисын талаар тэмдэглэл хөтөлж, эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн хяналтын болон холбогдох мэргэжлийн байгууллагад мэдээлнэ.
12.3. Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодистой харьцан ажиллагч нь тухайн бодисын  эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэг, дадлагатай байна.
12.4. Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодис хэрэглэх, харьцах аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тавигдах бусад шаардлагыг  холбогдох хуулиар зохицуулна.
12.5. Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодисын хэрэглээтэй холбоотой осол, хурц хордлого гарсан тохиолдолд үйлдвэрлэлийн ослын нэгэн адил судлан бүртгэнэ.     
13 дугаар зүйл. Галын аюулгүй байдалд тавих шаардлага
13.1. Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гал унтраах дүрэм, журам, стандартыг хангаж ажиллах үүрэг хүлээнэ.
13.2. Галын дохиолол болон гал унтраах тусгай тоноглол, гарц, орцын зураглалыг гал гарч болзошгүй ажлын байр бүрт байрлуулан, тэдгээрийг тогтмол ажиллагаатай  байлгаж,  ажилтныг уг тоноглолыг ашиглаж сургасан байна.
13.3. Галын аюулгүй байдлыг хангах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг, хариуцлагыг Галын аюулгүй байдлын тухай3, Захиргааны хариуцлагын тухай4 хуулиар зохицуулна.
14 дүгээр зүйл.  Эрүүл мэндийн үзлэг
14.1. Ажил олгогч  нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу үйлдвэрлэл, ажил, үйлчилгээтэй холбоотой, зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт ажилтныг хамруулна. 
14.2. Энэ хуулийн 14.1-д заасны дагуу эрүүл мэндийн үзлэг хийлгэхэд шаардагдах зардлыг ажил олгогч хариуцна.
14.3. Энэ хуулийн 4.1-д заасан этгээд гүйцэтгэж буй тухайн ажил, хөдөлмөрт шаардлагатай бол эмнэлгийн үзлэгт орсон байна.
14.4. Ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
15 дугаар  зүйл. Ажилтныг ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах
15.1. Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй.
15.2. Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг турших,  худалдаж авах, хадгалах, угааж цэвэрлэх, засварлах, ариутгах зардлыг ажил олгогч хариуцна.
15.3. Ажил олгогч нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн нэр, төрөл, эдэлгээний хугацаа бүхий жагсаалтыг баталж мөрдүүлнэ.
15.4. Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн чанарын талаар мэргэжлийн байгууллагаар ажил олгогч дүгнэлт гаргуулсан байна. Олон улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн, чанарын баталгаа бүхий ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлд энэ заалт хамаарахгүй.” гэжээ.
Эх сурвалж: Дараах холбоос дээр дарж үзнэ үү: http://www.legalinfo.mn/law/details/564?lawid=564
-оОо-

2 comments: